I hear and I forget , I see and I remember , I do and I understand

АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Даваан дээрээс Отгон тэнгэрийн оргил бадамлан гялалзаж харагдана. Тэнгэрийн отгон хөвгvvн тvvний бараа сvрийг аялах замд бишгvй олон харсан ч мөнөөхөн миний хvрэхийг зорин тэмvvлэн тэмvvлсээр өдий хvрсэн ганцхан уул шиг дотно санагднам. Хvнд өөрийн уул гэж байдаг бол төрсөн нутгаас минь алсын алст орших атал, миний уул чухам энэ Отгон тэнгэр гэлтэй. Амьдралын зорилго гэгч мөнхvv амьдралын өндөр давааны оргил хэмээвээс энэ Отгон тэнгэрийн оргил шиг хvрхvйеэ бэрх бөгөөд vргэлж даллан дуудаж, ойртохын хэрээр улам болдог ажээ. Тийм оргил vгvйсэн бол мацахын хэрэг юу билээ.
Хvний замд хөндөлсөх даваа бvхэн өөрийн vvх тvvх, vг хэлтэй. Угалзын зоо шиг энэ хөх халзан даваа эртний жингийн замыг мөрлөн өргөж аянчин жуулчинд Отгон тэнгэрийн оргилыг зориуд харуулах гэсэн шиг. Давааны оройн их овоонд өргөсөн юмс хvн байгаль лугаа учралдан найрсах, эсэргvvцэн тэмцэлдэх ёсыг өгvvлнэ. Энэ овоог яагаад ч юм угалзын толгойгоор тахидаг байжээ. Хад чулуун дээр ургасан юм шиг архайлдан, хоосон ухархайгаараа алсыг ширтэх угалзын өгөр толгойнууд аль эрт мөхөж сөнөсөн ертөнцийн сvг сvлд шиг харагдана. Дээр цагт хятадууд энэ даваагаар давж Улиастай ордог байж. Бээжингээс энэ хvртэл өгсөн өгссөөр ирээд, сая уруудах болов гэж турлиах шиг шуугилдан найрлаж модонд өлгөөстэй том ширмэн хонх дэлдэн монголын уул талыг цочоодог байжээ. Одоо тэр ширмэн хонхны нь хэлтэрхий энд тэнд хэвтэнэ. Монголын баялгийг эзэмших шунахай санаагаа билигдэн уухай чимээ өгдөг агсан тэр хонхыг нь манайхан хэмх цохин хаяжээ. Хятадуудад монголын зам хэзээд өгсvvр, даваа нь хэзээд өндөр байсан юм.
Миний отгон тэнгэр уул тэнгэрийн отгон хөвгvvн амгалан сvрлэг гялбалзан байна.
Цагаан турууны голын хөвөөнд Хангайн нуруунаас эх авсан энэ цовоо цэнгэг голын урсгалаас унага дааганы хөнгөн төвөргөөн хvvхдийн инээд, болжморын жиргээ сонсогдоно. Тvvннй зэрэгцээ голын хөвөөндөх хуучин хvрээний тууринд vлдсэн амьгvй сvмийн өнчин хонх салхины аясаар хааяа нэг хангир жингэр хийнэ. Харин Цагаан турууны гол идэр залуухнаараа ажээ. Ус гол хvртэл хvн шиг залуу хөгшний ялгаатай юм. Сэтгэлд ийнхvv цагаан долгис цалгиулах уулын гол шиг идэр залуугийн цог заль vргэлж хөвөлзөн хөөрч байдаг сан бол юутай жаргал билээ. Хаанахын далай тэнгисээс ирээ юм болоо? гэмээр хахир дуутай дун цагаан цахлай шувууд Цагаан турууны цовоо долгисыг шvvрэн цойлон ниснэ. Сvмийн хонхны дуу голын шуугиан цахлайн хашгираан, бvхэн эрт эдvгээг санаашруулах хөгжмийн уянгат найрал болж холхид уриалах ажээ. Огинскийн полонез гэнэт санаанд долгилон орж ирэв. Цав цагаан цахлай элин халих хөв хөх тэнгэрээс ийнхvv урьдын сайхан дуртгал нартай бороо мэт тvр зуурхан асгарах шиг. Би багаасаа өдрийн одыг олж харах гэж оролддог хачин зантай билээ. Яв явсаар энэ цагаан турууны голын хөвөөнд, яг энэ өдөр цагт тийнхvv насаараа хvссэн өдрийн ганц одоо олж харах төөрөгтэй юм шиг санагдлаа. Мөнөөхөн полонезийг чагнаархан, тэнгэр ширтэж хэвттэл холын огторгуйд тэрхvv оргvй зайнаас гэнэт өдрийн од гялсхийх шиг болсноо дараагийн эгшинд хөх торгон дээр орхисон ганц бяцхан сувд шиг, ердөө л ухаан орсон цагаас минь vргэлж харагдаж байсан юм шиг тов тодхон гялтганаж байв. Би яагаад ч юм тэрхvv хvрэлцэшгvй холын бөгөөд насанд ганц vзэгдэх одонд биш хажууханд минь суугаа хайртдаа хэлж байгаа юм шиг «Чамайгаа би санаж мөрөөдөж явна шvv!» гэж шивнэн өгvvлэв. Дуртгалын нартай бороо асгаранхан өнгөрчээ.
Би төрсөн гэрийнхээ буурь дээр зогсож байв. Арван зургадугаар жарны гуравдугаар шороо могой жилийн өвлийн дунд сарын эхээр энд хvнд төрсний тэмдэг тоонотын минь элгэн хvрэн чулуу торойн хэвтэнэ. Ертөнц хувирч цаг өнгөрөх нь амархан атал хvний амьдрал нэг бодлын их л урт ажээ. «Наран мандахаас vд хvртэл эрдэнэ дагинын цагт төрвөөс эдгэхvйеэ бэрх өвчин олон тусна» гэж гавж ламбугайн айлдсан тэр хvн одоо төрсөн гэрийнхээ буурийг эдгэж, тоонотынхоо чулууг элэгдтэл явж л байна. Өвөлжөөний маань хаяагаар урсдаг Галттайн голын гарам, нvvдлийн зам битvvрч гарам дээрх таван улиасны нэг нь хөгширч унаад, багын танил бvргэдийн vvр хоосорчээ. Мод ч гэсэн жигvvртэн ч гэсэн цагаа ирэхээр хорвоогоос халин оддог жамтай. Орчлонгийн цаг хугацаа гэгч зөвхөн хvний ухаанд л эхтэй эцэстэй билээ. Ухаанд мэдрэгдэвч эрхэнд ордоггvйдээ тvvний аугаа хvчин оршино. Миний бодол, амьсгал, зvрхний цохилт цөм төрсөн гэрийн минь буурьт ургасан хиаг шарилжийг найгуулан гvйх салхи шиг барин тавин, цагийн урсгалыг хумин хурдасгаж байна. Гэвч миний өнгөрсөн, одоо ирээдvй цөм миний бодол амьсгалд шингэжээ. Өнгөрснийг ч ирээдvйг ч энэ өвс ногоо, энэ элгэн хvрэн чулуу шиг барьж мэдэрч болдогт ухаант хvний жаргал зовлон хамсчээ. Гэвч гажрах юм алга. Цагийг эрхэндээ оруулж болдоггvй хатуу хуультай хорвоод өнгөрсөнтэй, одоотой бас ирээдvйтэй явах юутай зол заяа вэ! Ухаан цаг хоёр уралдаж байна.
Нарнаар Онон голын шугуйд хур шувуу шаагин наадаж байв. Тэдний бахарданги догдлуун дуун нартад жигvvртэн болж төрсний бахдал, vг хэлээ ололцсон амьтны янаглал болоод бас нууц далдын атаархлыг илтгэнэ. Тэд дууныхаа цээл өд сөдийнхөө гоо сайхнаар мөчөөрхөлцөх мэт ажээ. Гэвч байгаль тэдэнд адилхан дуу, адилхан өд сөд заяасан болохоор ийнхvv хаврын наадамдаа ижилсэн дуулж наранд дуугаа өргөж байна. Аливаа амьтны атаа миеэг хурцалдаг нь байгалиас заяасан vзэсгэлэн гоо бус хиймэл тvрхмэл гоо vзэсгэлэн билээ.
Хур наадан шаагиж, саальчин бvсгvй цагаан гэрээсээ хувингаа барин гараад шvvдэртэй ногоон дээгvvр хол нvцгэн алхлана. Өглөөний улаан нар туссан уулын энгэрийн цахиур гялтганан, vхрийн хашааны шон дээр суусан турлиахууд харин зvvрмэглэсээр. Нэг юмны сайхан нь нөгөөдөө нөлөөлдгийг юухнаас ч мэдэж болно.
Хурын наадах дуунд Ононы намжаа хvрэн шугуй, шон дээр зvvрмэглэх турлиахууд хvртэл бас ч тэрvvхэндээ ертөнцийн намуун тайвны нэг сайхныг vзvvлнэ. Байгальд амар төвшин, бадрангуй дэвэргvvн аль аль нь хосолжээ. Хөл нvцгэн алхлах саальчин бvсгvй багын явдлыг сэтгэлд гэнэт ургуулан, бид хиймэл гоо сайхныг хар харсаар жинхэнэ байгаль эхийн гоо сайхныг мохоо мэдрэх болж дээ хэмээн бодогдов. Бачуу гоё гутлаар хотын цардмал дээгvvр таваргасаар яваад шvvдэртэй ногоон дээгvvр хөл нvцгэн явахад ямар байдгийг бараг мартжээ. Хурын наадам балчир цагийн саруул өдрvvдийг зvрх шимширтэл санагдуулан байлаа.
Хэрлэнгийн хөндийд хурдан морь тарлаж байв. Тал нутгийн зун идэрхнээрээ, голын өмнөх гvвээнvvд хөвчийг нь тавьсан нум шиг тэнийлдэн цэнхэрлэж, агь бууралтсан газраас айраг цагаа vнэртэнэ. Морь тарлаж байм өдөр өө. Морьтой ардын vр сад гэсэндээ сэтгэл хөөрөн, хөл хөнгөрчээ. Уяа тойрон гийнгоолох хvvхдvvдийн дуу чихэнд бус зvрхэнд хадаад Хэрлэнгийнхээ энэ хөндийд ялгуум сайхан мориор давхиж нэг vзвэл нас залуужих мэт санагдана. Уяан дээр vрээ насны цагаан бор морь хазаар даран зогсоно. Хурдан морь шинжих эрдэм даанчиг байхгvй гэлээ ч би ухаанаараа дvvрэн мэлтэгнэх нvдийг нь хараад энэ лав тvрvvлэх морь байна. Ийм хөлөг унасан хvн уужимхан сэтгэлтэй байлгvй яах вэ? гэж бодлоо. Сэтгэл будангуйран бухимдах цагт «Эр хvний дотор эмээлтэй хазаартай морь багтана» гэсэн vг яалаа гэлтэй билээ.
Байдрагийн хавьцаа гол замаас говийн уулс сvмбэрлэн харагдана. Говь руу орж ирэхэд хангайн хаврын хавсарга шуухиран шуухирсаар ард хоцорч, харгана бударганы vзvvр ногоорон, уулс дулаахан царайлах ажээ. Гучаад жилийн өмнө Их, Бага, Арц гурван Богдын ар өврөөр анх аялан өнгөрснөөс хойш энэ уулсыг хааяахан ч гэсэн харах сан гэх болжээ. Энэ уулс элдвийг сэтгэн бодохын хишиг хvртээж билээ. Аян замаас гуяа ганзгалаж ирэх шиг гутамшиг байхгvй. Байгалиар ухаан заалгаж болох тухай буюу хvн байгаль хоёрын харьцааны тухай санаашралаас ухаан нээгдэж болно гэсэн идэр залуугийн ойлголт амьдралд их л хэрэг болсон шиг санагдана. Говийн энэ сайхан уулсыг зvгээр л дvлий дөмбө оргисон хад чулууны овоорол гээд өнгөрсөн бол Монголынхоо төлөө гэх зvрхэнд уяатай итгэл сэтгэл минь дундуурхан байх сан бизээ. Хvvхдийнх шиг гэнэхэн мөрөөдөл, сониуч занг хөгширсөн сэтгэлийн хувхай довцог дээрээс өлийн харж шоглох хэрэггvй юм даг шvv. Тээр жил Их Богдын өвөрт тасхийм хvйтэн өвлийн шөнийн оддын дор зvvрмэглэх цагаан оргилыг нь ширтэн ахуйд «од одтойгоо хvvрнэлдэх» хорвоод хvн уул хоёр ч сэтгэлийнхээ нандин нууцыг хэлэлцэж болох мэт санагдсан сан.
Тэр цагаас хойш их говийнхоо ид шидийн узэсгэлэнт уулсаар холч бодлын баримжаа авах мэт тэнгэрлэг дvрийг нь дуудан vзэж, өөрийгөө ертөнцийн тоосонд дарагдсан бяцхан толгод гэж гололгvй vргэлж урагшаа, vргэлж дээшээ тэмvvлэхийн эрмэлзлэлээр амьсгалж явнам.
Алтайнхаа уулсыг хараад өнгөрснийг дурсах юуных билээ дээ. Тэртээ хориод жилийн өмнө Ховд голын намрын алтан шугуй дундаас Цамбагаравын хөхөмдөг цагаан оргилыг ширтэн алтайн салхи хөх, цагаан шаргал олон өнгөтэйг олж хараад, байгаль ертөнцийн нэгэн шинэ сониныг нээсэн бага хvvхэд мэт баярлан, баярлахын хэрээр Алтайнхаа уулстай дотор сэтгэлдээ хvvрнэлдэн, уул хvн хоёр хэлэлцэх vгтэйг бас ухаарч билээ. Ийм сvрлэг сайхан ертөнц дээр хvний vр чи ямар явах ёстой вэ? гэж өөрөөсөө асуухад Алтайн уулс хариу хэлэх шиг болсон. Тэр бол уулсын сvрээр хvний сэтгэлд буусан эгшиг дуун байлаа.
Одоо би Сутай хайрханы зvг довтолгож явна. Сутайг бас тэртээ зуны нэгэн өглөө Шаргын говиос анх харсан сан. Говийн агуу тэнгэрийн баруун хаяанаа, нvдний vзvvрт цайвалзан, өглөөний нарны туяаг даанч холоос хэдийнээ тосон авч мөнөөхөн агуу хөх тэнгэрт цацлан ахуйд «Сутай хайрхан тандаа би нэг л өдөр хvрч очно доо» хэмээн андгайлж билээ. Гэвч аян тал таарахгvй явсаар өнөө хvрчээ. Санаж явбал бvтнэ, сажилж явбал хvрнэ гэгч боллоо. Одоо Хар ус нуурын урд vзvvрээр ороож Зэрэгийн шаргал хөндийд оронгуут Сутай хоёр зуун бээрийн тэртээгээс ердөө л хаяанд байгаа юм шиг ч хvнхийн цайвалзаж намрын шаргал уулсын чуулган дээр Алтайн их номин тэнгэрийн дор сvрлэгхэн атал бас дотроо мишилзэх адил дулаан царайлж угтлаа. «Монголын цагаан сэтгэл минь! Их цагаан өргөө минь! Сутай хайрхан уул минь! Би тандаа очиж явна. Өчнөөн жил таныгаа гэсээр хvрч ирлээ би». Адуу мал намартаа налайн бэлчиж, айлын цагаан гэрvvд яруу найрагч найз агсны минь бичсэнээр «Зvvрмэглэх цагаан хун шиг» энд тэнд vзэгдэн, зэгс хулс шаргалтсан Зэрэгийн баян хөндий Захчин монголын заяаны сайхан нутаг, Алтан тээл өмнө тийш хязгааргvй униартан

Алтайд ганцхан ургадаг
алтан жигд модыг
Азтай явах насандаа
vзсэн хэдий гэлээ ч...

гэсэн аль хэдийнээ нэгэн бадаг шvлэг санаанд ороод «Алдсан юм алдагддаг гэлээ ч бас хvслийнхээ цэнхэр ууланд хvрч болдог амьдрал юм шvv дээ» гэж сэтгэл уужрав. Сутай хайрханд дөхөж очиход хаяанд юм шиг санагдсан уул маань бараа сvр урьдын хэвээрээ нар баруунаа хэвийлгэн Зэрэгийн шар хөндийг сая уртааш нь бараглан туулж Сутайн хормойд дөхөж ирлээ. Алтайн уулсын тvмэн атираанд нарны туяа огшин гэрэл сvvдрийн санаанд багтамгvй нарийн хослол, газар тэнгэрийн өнгө шvтэлцэх, харшилдах тэр бvхний дээр Сутайн цаст цагаан оргил улбартан нарлаж, нэгэн бодлын ихэмсэглэх юм уу нэгэн бодлын дvнсийж санаашрах мэт ажээ. Тийнхvv ихэмсэглэх, санаашрах алин боловч дулаан сайхан харагдаж, зvгээр л хэн хvний хvрээд ирж болох нутгийн нэг уул гэлээ ч миний хувьд бол урьд алдсаныг ч хожим олохыг ч тэнцvvхэн ухаарах ухаарлыг өгөгч хvслийн цагаан оргил болон vзэгднэм. Одоо би наран мандахаас шингэх хvртэл Сутайн барааг харж эх нутгийнхаа алтан шар замаар давхилаа. Азтайхан явах нас минь уртсаа бизээ.
Алтайд нар шингэхийг л vзэх гэж очсон байхад багадахгvй. Оросын алдарт зураач Рерих чухам Алтайд нар шингэхийг vзээд л « Тэнгэрийн зөрчилдөөнийг» ч юмуу, «Гэсэр хааныг» зурсан биз. Нар шингэхийн өмнөхөн улаан ягаанаар уулга алдан газар дэлхий даяар тийнхvv улаан цуурай хадаах тэнгэр дор харин юуг ч сонсох тэнхэлгvй намжааран униартсан хөх улаан уулсын дээр ганц морьтон аврал болон зогсоно. Энэ бол Рерихийн зураг юм. Рерихийн өнгийг Алтайн уулст нэгэнтээ vзвэл байгаль дэлхийн гоо vзэсгэлэн болоод сvр хvчийг ухаарсны жаргал, «Бяцхан хvн чи наран шингэх Алтайн тэнгэрийн улаан цуурайг сонсож, Сутайн цагаан оргилыг хараад ухаан уужрах их амьтан юм» гэж өөртөө хэлнэ. Энэ чинь сэтгэл бодлын их олз бус уу? Уран сайхнаар сэтгэгч бид хачин хvмvvс юм. Алтайн уулст наран шингэх, vгээр зураглан хэлшгvй vзэгдлийг харан зогсохдоо хэдэн жилийн өмнө нутгийн залуус мориор Сутайн оргилд гарах гэж зvтгэн ховорхон жигvvртний хvрэх өндөрт туурт морьд хичнээн шандастай ч халган цуцтал, харин ганц цагаан морь мацсаар оргилд нь гарсныг санан бахдаж, Сутайн оргилд цагаан мориор гарсан тэр залуу шиг азтай хvн vгvй юм шиг бодлоо. Тэгвэл цагаан морь унаж Алтайнхаа оргилд гарах нас надад даанч vгvй дээ гэж гутрах шиг болов. Гэвч би Рерихийн улаан мориор Сутайн оргилд гарсан болог доо.
Хар-ус нуурын шагшуурга намрын салхинд исгэрнэ.,, Явуухулангийн алдартай энэ шvлгийн мөрvvд бас л өнгөрснийг санагдуулнам. Хар ус нуурын тухай эхлээд Явуухулан, дараа нь Гайтав шvлэг бичиж билээ. Одоо би тэднийхээ мөрөөр Хар ус нуурт ирлээ. Нуурын цэнгэг ус намрын хонгор салхины аясаар мяралзан, vеийн хоёр найзын минь хэзээ нэгэн цагт гаргасан мөртэй эрэг хөвөөгөө илбэж байна. Эх нутгийнхаа нэгэн сайхан усны хөвөөнд гишгэсэн тэдний мөр арилаагvй дээ гэж бодоход яруу сайхан шvлэг дуунд нь хэзээ ч арилаагvй мөр болон vргэлжилжээ гэж сэтгэл тэгширнэм. Аль тэртээ гучаад жилийн өмнөх зун залуу эмч би тvргэн тусламжийн «ЯК 12» онгоцоор анх Улаангом хvртэл нисч билээ. Монголын цуутай нисэгчдийн нэгэн агсан Дарвагар гуай Жаргалт хайрханы торгон оройг шvvрэн алдаж даваад, Хар ус нуур дээгvvр доошлон халихад хун, галуу, хотон нийлсэн тvмэн цагаан шувуу хөх ногоон зэгэст арал хойг дээгvvр нь эргэлдэн хvн болсоор ийм олон шувуу, бvхэл бvтэн уул нуруу тольдсон ийм их ус vзээгvй би «Ай ямар гайхамшиг! Ай юутай жавхлан!» гэж уулгалж билээ.
Хожим нь би бас нэг ирсэн юм. Гэвч тэр удаа очсон минь зөвхөн зvvд шиг л хоцорчээ. Ховд голын цутгалангаас доогуур оройн нарнаар иртэл нуурын мандалд нэл ургасан ухаа ягаан бадамлянхуа нvд алдам алст улбартан шаргалтан байлаа. Анхандаа би усны лянхуа ургасан талбай гэдгийг ухааралгvй хий vзэгдэл vзсэн мэт мэл гайхаж билээ.
Энэ бол хvний амьдралд ховорхон тохиолдох байгалийн гайхамшиг байлаа. Тийнхvv Хар ус нуурт бадамлянхуа өвч дэлгэрсэн зунаар тааралдсан азтай хvн би тэр сайхан нуурын тухай шvлэг найргаа бичсэн vеийн хоёр найзаа одоо дурсаж явнам. Дурсахуйд зvvд шиг юм олон. Нуурын мандалд тийнхvv лянхуа дэлгэрснийг амьдралдаа ганцхан удаа vзэж болох бөгөөд дахин учрахгvй юм бvхэн зvvд шиг байдаг бизээ. Одоо би Хар ус нуурын манант алсыг ширтэн «Нөхдийнхөө замыг залгаж яваа хvний vр би ийм сайхан газар дэлхий дээр юундаа ч гажрах вэ дээ» гэж бодлоо. Хар ус нуурын мандалд лянхуа дэлгэрснийг дахиад vздэггvй юм аа гэхэд өөр газар, өөр цагт юухныг эс vзнэм билээ дээ.
Мөнгөн хvрхрээ шаагих Орхоны номин хөндий... Энэ дvрслэл миний сэтгэлээс гарахаа байжээ.
Вьетнамын Бунг Тау хотод Номхон далайн манант алсыг ширтэж суухад минь Орхоны намрын хөх номин хөндий харагдаад байлаа.
Орхоны эхний хөвчийн униарт уулсын зvгээс хонгор салхи сэвэлзээд Улаан цутгалан тvмэн жилд элэгдэж, дийлдээгvй хадан ховилоор бухимдах мэт урхиран, хөвөөнд нь ургасан улиасны алтан шар, нохойн хошууны гал улаан навчис тэртээ дороос ойсон усан хумхинаа гялтганан, яагаад ч юм бэ Орхоны хvрхрээ миний амьдрал, хvслэн тэмvvлэл, магадгvй миний насны нэгэн vетэй холбоотой юм шиг санагдах нь хачин.
Тийнхvv:

Мөнгөн хvрхрээ шаагих Орхоны номин хөндийд
Мөнхийн рашаан хvртээгvй хvний заяанд гомдовч
Мөргөн гуйгаад ч нэмэргvй нэгэнт харьсан насандаа
Мөхөсхөн доройгоо мэдэлгvй хvний vрийг хайрлажээ...

гэсэн бадаг сэтгэлд минь уянгалаад байв. Хайр гэгч юу вэ? Хайр гэдэг бол хvний гуниг баяслын дээд гэж Орхоны хvрхрээ бухимдан урхирахдаа арай над шивнээгvй байлтай. Хvний vрд хайртай явсны төлөө баясал зовлон алийг нь ч эдэллээ гэсэн атаа жөтөө өшөө хорслыг хичнээн vзлээ ч гэсэн эцсийн бvлэгт өөрийгөө өмөөрөн зөвтгөх юм ганцхан тэр билээ. Би улаан цутгалангийн бухимдуу хvрхрээг чагнаж суухдаа ингэж бодсон юм. Тэгээд мөнгөн хvрхрээ шаагих Орхоны номин хөндий сэтгэлээс минь гарахаа байжээ.
Эх нутгаасаа хол явахад сэтгэлд юу эс хөлбөрнөм билээ. Би Меконгийн намуухан атлаа улаан хоормог усыг ширтэж суунаж. Өдийд манайд наран мандаж байгаа. Сергей Есениний нэг шvлгийн бадаг санаанд минь гэнэт оров.

О верю, верю, счастье есть!
Еще и солнце не погасло,
Заря молитвенником красным ,
Пророчит благостную весть,
О верю, верю счастье есть!

Дурдатгалын нартай бороо асгаранхан орох нь тэрээ. Тэртээ хорин хэдэн жилийн өмнө шvv дээ. Сэтгэл мэдрэлийн больницын эмч нарын өмгөрхөн өрөөнд Татьяна бид хоёр Есениний шvлгийг уншдаг байлаа. «О верю, верю, счастье есть» гэж Татьяна уншаад яагаад ч юм тэр аз жаргалд итгэж ядсан юм шиг, vд дундын цэлмэг тэнгэр шиг зөөлөн цэнхэр нvдээ цавчлан суудаг сан. Нэгэн удаа тэр Блокийн бяцхан ботийг авчраад «Чи хайр дурлалын тухай шvлэг бичье гэвэл Блокийг уншиж бай» гэв.
Би Блокийг хааяа уншивч тvvний нарийн ухааны шvлэг сэтгэлд минь нэг л бууж өгдөггvйсэн. Харин Есенинийг бол зvрх шимширтэл ойлгоно. Тvvнээс хойш хорин хэдэн жил өнгөрчээ. Гэтэл энэ удаа Ази тивийн өмнөд хязгаар одох тухайгаа мэдээд Орхоноос буцаж явахдаа, хормой бэлээр нь ногоо хэнзэлсэн униарт уулстай нь дотроо салах ёс гvйцэтгэн Александр Блокийн шvлгvvдийг дахин нэг уншъя гэж шийдлээ.
Хорин хэдэн жилийн өмнө Татъяанагийн хэлснийг дурсаад тэр биз. Тэгээд Вьентьян дахь Зөвлөлтийн Элчин сайдын Яамны номын сангаас Блокийн шилдэг тvvвэр авч уншлаа.

Ээ орос минь! Гэргий минь!
Бидний зам ер өрөвдмөөр хол мөртөө тодхон
Бидний зам татарын сум шиг зvрхийг минь нэвтэлжээ

«Куликовын талд» гэдэг шvлэгтээ ингэж бичжээ.

Орос минь, ядуухан орос орон минь
Орог саарал оромжууд чинь
Ааль хөнгөн ая дуунууд чинь ч
Анхны дурлалын нулимс шvv дээ.

Их яруу найрагчийн зvрхнээс цутгасан энэ vгс эх нутгаа ч энхрий янагаа ч хайрлахын дээд бус уу! Би Блокийн «Скифvvд», «Танихгvй хvvхэн» шvлгийн бадгуудаас орчуулж туршлаа.

Тэмээн хяруулын саарал өдөн
Тэвчээртэй тархинд минь хуйлраад
Цэв цэнхэр огторгуй шиг нvдэн
Тэртээ эргээс ширтэнхэн байна уу

Миний сэтгэлд юу шvгэлсэн юм болоо? очиж очиж Меконгийн хөвөөнд шvv.
Өглөө наран мандаж их хот сэрж байв. Би Сайгон мөрний хөвөөгөөр салхи амьсгалан явав. Ойрхон Ардчилсан Германы танил далбаатай цасан цагаан хөлөг хотын гудамжнаа зvгээр нэг орж ирсэн мэт аниргvйхэн сvvхийнэ.
Тvvний ойролцоо өвчvvн завийн хитэгнээ өндөр гоолиг бvсгvй зогсон, цагаан пансан даашинзаар баригдсан туяхан нуруугаа хотолзуулан, урт хулсан сэлvvрийг хааяахан усанд шидэж бодол болон хөвнө. Улаан усан дээр цагаан хөлөг, цагаан хувцаст бvсгvй, арван гурван жилийн өмнө Энэтхэгийн Очирт сууринд (Варанаси) Ганга мөрний хөвөөгөөр явж байсан минь гэнэт санагдав. Варанасийн Гхата буюу ариун Ганга мөрөнд мөргөл vйлддэг энэ эрэг хөвөө газар мөн нар мандаж мөрний уснаа шижир зам татуулан тоо томшгvй сvмийн алтан ганжрууд мөрний тунгалаг ус боржин эрэг хоёрыг холбосон алтан хадаас мэт тольдож байж билээ. Тэгтэл магнай дээрээ улаан шунхан мэнгэтэй, хамрын самсаан дээрээ очир алмас шигтгээтэй, Занабазарын Дар эхийг санагдуулам уран цогцостой энэтхэг бvсгvй мөнгөн сари намилзуулан усанд орж, мандах нарны өөдөөс гангын усыг цацлан наминчлана.
Одоо энэ Сайгон голд өвчvvн завиар хөвөгч вьетнам бvсгvй олон жилийн өмнө сэтгэлд зурагдан vлдсэн энэтхэг бvсгvйн дvр хvний гоо сайхны тухай бодлыг vvсгэв.
Гоо сайхан гэгч ер нь юу билээ? Yзэгдэхийн төдий гоо vзэсгэлэн бол байгалийн vзмэр юм. Хvн ч ялгаагvй. Харин жинхэнэ гоо сайхныг яс махандаа шингэтэл мэдрэхийн тулд тvvний төлөө тэмцэж, зовж мөрөөдөн тарчлах хэрэгтэй юм. Гоо сайхны төлөө тэмцэлдэн зовохоос илvv жаргал хорвоод байхгvй.
Гоо сайхныг өөрийн болгох буюу өөрийн нvдээр vзэх гэгч бас өөрийгөө мэдрэхийн увидас юм. Бусдын бие сэтгэлийн гоо сайханд заяанаасаа vл тэнцэвч хvн бvхэн ямархнаар боловч шингээстэй илтэсхэн төдийгөө ч мэдэрч буй байгаагаараа гоо сайхан явахын төлөө тэмцэл бол жаргал юм.
Би шөнө «Есөн луу»-гаас (зочид буудал) одтой тэнгэрийг харахаар гарлаа. Бөмбөрцгийн хойд хэсэгт харагддаггvй. Өмнөдийн хэрээс (Оросоор южный крест гэдгийн монгол нэрийг мэдэхгvй учир vгчлэн орчуулав) одыг vзэх санаатай. Английн зохиолч Стивенсон Плонезийн шvрэн арлын хөвөөнөө наргил мод тvшин зогсож, тэр Өмнөдийн хэрээсийг ширтэн, манант альбионоо мөрөөдсөн тухай ямар нэг зохиолоос уншсан минь сэтгэлд хадаастай явдаг юм. Би тэр Өмнөдийн хэрээс одыг олж vзсэнгvй. Халуун орны одод бvvдгэрхэн ажээ. Тэгээд би нутгийнхаа тэнгэрийн оддыг саналаа. Уржнан намар Өмнөговийн Хонгорын элсэнд бид хоноглосон билээ. Торгон шар элснээс бvтсэн тэр ер бусын уулын хормойдох баян бvрднээ барьсан гэрээс шөнө дундуур гарч уул өөд мацан гарлаа. Элсний дуу гэдгийг чагнамаар санагдаад ч тэр vv, аль сэтгэлийн дотоод тэнгэрийн одод гэнэт гэрэлтээд ч тэр vv нойр хулжаад болсонгvй. Хvний дотоод тэнгэр гэж бий. Ингээд би өдрийн нарны илчийг тавиагvй бvлээн элсэн дээр тэнгэр ширтэн элсний дууг чагнахаар хэвтлээ. Говийн тэнгэрийн одод хар торгон дээр цацсан очир алмаас мэт гялтганан. Хонгорын шар элсэн нуруу, Ноён Сэврээгийн хар хадан оргилууд руу дөтлөн дөтлөн, дээрээс гэнэт очир алмаас бороо болж асгарах нь уу даа гэмээр. Хэрвээ тийнхvv алмаас бороо орвол би гурван марлын нэгийг ч юм уу, долоон бурхны нэгийг алган дээрээ тосон авч өнөөх сэтгэлийнхээ дотоод тэнгэрийн одтой хоршуулах сан.
Хонгорын Баянбvрдийн нуурт нугас нойрмогоор ганганан, элсний хормойд барьсан цагаан гэрvvд бөмбийн цайвалзах бөгөөд миний тосохыг хvссэн оддын туяа гэрийн тооноор харван, мөнөөхөн дотоод тэнгэр дэх одыг гэрэлтvvлсэн хvний зvрхэнд нэвтэрч ядан байна уу гэлтэй. Хэзээ хаана боловч сэтгэлийн маань тэнгэрийн од очир алмаас шиг гялбалзанхан байгаасай.
Орхоны хөндийд зуны сvvлчээр ногоо хэнзэлжээ. Хангай хөвчийн униарт уулсын намжаа их ой, хөндий тал, хад чулуу, Орхон голын гэрэлт харгиа цөм номин өнгөтэй. Хэнз ногооны энэ өнгө газар дэлхийд байтугай огторгуйд нэвчижээ. Тийнхvv бид хоёр ногоо хэнзэлсэн номин хөндийд номин тэнгэрийн дор явж байна. Ингэж ногоо хэнзэлснийг хичнээн ч жил vзээгvй юм бэ дээ. Бидний сэтгэлд энэ их хөх номин дэлхий ямар нэг нууц далдын баяр жаргалыг зөгнөн шивнэх мэт бөгөөд бодлынхоо тэрхvv номин өнгөт хөнгөн мананг цочоон хийсгэхгvйн тулд анир чимээгvйхэн алмайрч явах нь дээр ажгуу. Тийнхvv чимээгvй алмайрсаар Орхоны улаан цутгаланд хvрч очив. Улаан цутгалан биш номин цутгалангийн хvрхрээ мөн аниргvй эвхрэн буух нь гайхалтай. Өнгө бол анир чимээг хvртэл дарах увидастай юмсанжээ. Тийнхvv бид хvрхрээний чимээг сонсох чихгvй болж бие биесээ тvшээд удаан зогслоо. Тэр л эгшин бид хоёрыг сэтгэлийн тасаршгvй номин утсаар холбоод өгсөн биз. Хэрвээ орчин байгалийн анир чимээнд сэтгэл хуваагдсан бол тэр гайхамшигт эгшин ирэхгvй байлаа. Хонгор найз минь гэнэт тэр их хөх номин дэлхийгээс час улаан өнгө олж харжээ. Орхоны эгц цавчим эргийн ирмэг дээр ув улаан навчтай ямар нэг бут бургас байхыг тэр олж хараад,
Тээр! Улаан цэцэгтэй бут байна гэж дуу алдав. Тэгтэл ч мөнөөхөн хөх номин дэлхийд олон өнгө ялгарч, хvрхрээ дээр таван өнгийн солонго татав. Орхоны хvрхрээ арслан барс архирах адил сvртэйеэ шуугин шаагина. Тийнхvv Орхоны номин хөндийд олдсон аниргvй хөх номин эгшин арчигдан талийв. Амьдралд ганцхан тохиолдох эгшин ч байсан юм уу. Гэвч тvvнийг vзэж мэдэрсэн маань аз байжээ.
Хэдэн жилийн өмнө би Меконг мөрний торгон эрэг дээрх багахан зочид буудлын гэгээвчээр тэрхvv булингарт их мөрний сvрлэг намуун урсгалыг ширтэн бодлогошрохуй Цастын орноос эх авсан тэр агаа их мөрөн Өмнөт тэнгист цутган цутгатлаа мөн ч олон хvн амьтны нvдний харцыг хөглөгөр хөх усандаа шингээж дээ гэж бодогдсон. Буудлын энэ гэгээвчээр франц ноёд Меконгийг ширтэж суусан нь даан их холгvй цагийнх билээ. Яасан ч хол газар хөл тавьдаг ноёд байсан юм бэ. Гэтэл би дэлхийн их их мөрнvvдийн нэгийг «өнгөрсөн францын гэгээвчээр» харж сууна. Би бас алдар цуут Дунай мөрөн, омголон догшин Амударьяа мөрний мандлаар хөвж vзсэн, Жейхун буюу Амударьяаг vзэхvл галзуу хөх заанууд мянга тvмээрээ тvрхрэн довтолгох мэт санагдсан. Энэ их мөрнvvдэд байгалийн сvр хvчин болоод бас ер бусын өнгө vзэсгэлэн буй. Гэвч Меконгийн булингарт урсгалыг ширтээд Онон, Хэрлэнгээ л санасандаа. Монголын нvдний харааг шингээснээрээ ариун сайхан Онон, Хэрлэн минь!

Хэрлэн яаран урсахдаа
Хэнтэй уулзахыг зорьсон юм бол..
Хэрлэн бидэнтэйгээ л уулзахыг зорьж бид ч тийш тэмvvлсээр билээ.

 



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Амьтан бүхэн сонирхолтой
Өгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй
Дуу , клип
Хууль дүрэм

Сүүлийн бичлэгүүд

ХУЛАН ЦАМБА ХОЁР
Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн
Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн
Монгол орны нуурууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль
Үндсэн хууль
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ
ТYЙМЭР
ИХЭР ТОЛГОДЫН ДУНД
НАРАН ТОГОРУУ
САРНЫ СОНАТ
МАЛЫН ХӨЛИЙН ТООС
Өвгөн шувуу
АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Найзууд

Тагшаа



:-)
 
xaax