I hear and I forget , I see and I remember , I do and I understand

ИХЭР ТОЛГОДЫН ДУНД

Хаврын эхний нэгэн цэлмэг өдөр нэгэн идэр эр Хэрлэнгийн хөндийд ганцаараа явж байлаа. Өвөр хоорондоо ихэр юм шиг ижилхэн бөгөөд намхан намхан ухаа гүвээнүүд үргэлжилсэн энэ их талд нэл яргуй цэнхэртэн дэлгэрч, дээр тэнгэр ч цэнхэр, доор газар ч цэв цэнхэр ажээ. Уламбаяр хүн болсоор ийнхүү газар тэнгэр ялгарахгүй болтол яргуй дэлгэрэхийг үзсэнгүй. Тэрбээр тохой нь цоорч, хөвөн нь цухайсан хүрэм, зузаан гэгчийн зан тавьсан бахиал гутлаа суран бүсээр боож сугавчлаад хөл нүцгэн шогшиж явна. Нэг хэсэг гүйж амьсгаадахдаа мөнөөхөн зай завсаргүй цэнхэртэх яргуй дээр унаж тэнгэр ширтэн хэвтэхэд хумсын чинээхэн үүлгүй тэнгэрийн доор яргуй дэлгэрсэн газар дэлхий дээр муу муухай бүхэн нэгмөсөн арчигдан арилсан мэт санагдана.
Уламбаяр хоёр жил гаруй засан хүмүүжүүлэх газар ажил хийсний эцэст сая хэрэг цагаадан суллагдаад явж буй нь энэ. өнгөрсөн шөнө дундын үес сумын төвд суудаг хадам ахынд замын тэргээр ирсэн юм. Мотоциклоороо одоохон намайг гэрт минь хүргээд өгөөч гэж түүнээс гуйхад нойроо харамласан янзтай нүдээ нухлан янцаглаж,
Бензин байхгүй. Өглөө болгож байж айл амьтнаас бензин гуйж явахаас гэхэд гомдсоныг хэлэх үү. Хоол цай идэж уугаад унтахаар хэвтсэнээ тэссэнгүй босож хувцаслаад,
Би явнаа гээд л гарсан. Тэгээд л явган таваргаж яваа нь энэ. Гүйхдээ гүйж, алхахдаа алхсаар бага үдийн алдад гэртээ нэгэнт дөхөж иржээ. Ханилаад удаагүй эхнэрээ санахаас илүү зовлон шаналал эр хүнд байдаг болов уу? мөн ч их санасан даа. Эхний хэдэн сар өнгөрсний дараа эхнэр нь зүүд зөнгөөс салахаа бүр байжээ. Засан хүмүүжүүлэхийн хатуу вандан дээр нойр хулжин хөрвөөж хэвтэхэд тасалгааны харанхуй булангаас эхнэр нь гэнэт шивнэн дуудах шиг болох юмуу гадуур ажил хийж явахад хаа нэгтээ нүдний үзүүрт туссан эмэгтэй хүн эхнэрийнх нь дүрд хувилан үзэгдэнэ. Эхнэр Бадам нь ардаа түших тулах хүн бүл муутай, нэгдлийн олон малтай учир энэ хоёр жилд ердөө л ганцхан эргэж иржээ. Гэтэл одоо болсон хойно хэргийн үнэн учир олдож суллагдаад зүрхээ хатаж хагстал мөрөөдсөн эхнэртээ очиж явна. Уламбаяр наадан баясах гөлгөн нохой мэт яргуй дээгүүр хөлбөрч босоод л мөнөөхөн ихэр юм шиг толгодын дундуур гэрийн зүг алхав. Хэрлэнгийн хөндийн ухаа гүвээнүүд ийм ихэр юм шиг адилхан бөгөөд ингэтэл яарч яваа хүнд тэр гээд хэлэх газрын баримжаа урьдаас мэдэгдэхгүй нь ямар хэцүү болохыг сая л ухаарлаа. Гэр минь одоо л энүүхэн толгодын цаана бий дээ гээд гартал цаана нь бас нэг ив ижилхэн толгод байж байна.
Гэвч шогшин явсаар үдийн алдад сая гэрийн бараа харлаа. Нэг багахан цэнхэр толгойн өвөрт хоёр цагаан гэр, хонины танил хашаа, тэртээ цаана дэлхэн бэлчиж буй хонин сүрэг, хашаанаас уясан хонины сорь харагдана. Уламбаяр гэрийнхээ барааг харангуут хамаг бие сульдан суучихав. Хадмын бага гэрийн яндангаас аргалын шингэн утаа бургилна. Харин өөрийнх нь гэрээс утаа уугихгүйгээр барахгүй үүд өрх нь нэг л битүү юм шиг харагдахад дотор палхийн <Бадам минь арай ч дээ...> гэж ямар нэг муу зөн хөдлөвч ердөө л хэдхэн цагийн өмнө хадам ах Бадамыг хонь малаа хараад чамайг л хүлээж хатаж яваа гэснийг санаад бяцхан тайвшрав. Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Залуу бүсгүй өөр хүнтэй ханилаад явчихсан байхыг ч үгүй гэх газаргүй. Гэвч Уламбаяр эхнэртээ их итгэнэ. Хэсэг яргуй тасдан авч үнэрлэхэд дотор бяцхан уужраад муу гутал өмсөж гэрийн зүг аль болох хурдан алхлав. Үүд өрх нь хаалттай мэт санагдсан нь дэмий сандралаас болж. өөрийн гэр гэгч ямар танил дулаан царайтай байдаг билээ. Эхнэр нь аавынхаа гэрээс хувинтай юм барин гарч ирээд тэртээгээс явган ирж яваа хүнийг гайхсан янзтай саравчлан зогсов. Уламбаяр ийм холоос таньдаг болов уу яадаг бол гээд нэгэн дош дээр суулаа. Бадам ямар нэг ажиг сэжиг авсан бололтой гэртээ бушуухан ороод дуран барьсаар гарч ирэв. Дурандангуутаа л танив бололтой гэртээ дахиж гүйн ороод алчуураа зангидсаар угтан гүйв. Уламбаяр урдаас нь харайлгав. Түүнийг суллагдсан тухай цахилгаан аваад хүлээж буй нь лав, гэвч ингэж явган нүцгэн ирэхийн чинээ бодоогүй биз.
Тийнхүү эхнэр нөхөр хоёр ихэр толгодын дунд уулзаж зай завсаргүй ургасан яргуй дээр тэврэлдэн унаад үнсэлдэн үнгэлдэхүйд муу муухай бүхэн арчигдан арилсан мэт хязгааргүй цэнхэр талд зөвхөн болжмор жиргэж байлаа. Уламбаяр юу юугүй эхнэрийнхээ хувцасыг тайчмаар санагдавч биеэ барьж тэсвэрлэн дээш харж, сартгар нимгэн самсаатай хамрынхаа нүхнээс бяцхан хар үс цухалзтал уухилан хэвтлээ. Цэв цэнхэр тэнгэрийн мандлаар цагаан утас сүвлэн харвасан сум мэт тийрэлтэт онгоц шуумайн нисэхийг үзээд замбуулингийн уужмыг бахдан,
Бадам аа! Хараач тэр онгоц яасан өндөрт ниснэ вэ! гэв. Уламбаяр эхнэрийнхээ дээлийн хормойг сөхөж гэдсийг нь илбэтэл нэлээд товгор байхыг мэдээд цочин өндийж,
Үгүй чи чинь... гэхэд Бадам яргуй дээгүүр хөлбөрөн түрүүлгээ хараад,
Би .... Би чамайг хүлээж тэссэнгүй гээд эхэр татлаа.
Уламбаяр түүнээс холдосхийн суугаад тамхиа асааж нэг хэсэг таг болов. Хоолой дээр бөөн хар юм тээглэчихээд дуугарч болсонгүй. <Урвагч муухай эм!> гэж орь дуу талбин хамаг хувцсыг нь урж хүчирхийлж хаялтай боловч тэгж чадсангүй зүгээр л эр хүний бүдүүн баргил дуугаар эхнэрээ дагаад еэнгэнэтэл уйллаа. Нулимсандаа хахаж цацах хооронд даанчиг арчаагүй цагираглан хэвтэх эхнэрээ гэнэтхэн өрөвдөж гарын араар нулимсаа арчаад,
За яахав вэ. хоёр жил эзэнгүй гэр сахисан чи. Яахав итгэл алдахаар ч болоо биз дээ гээд шүүрс өлдөн толгой гудайлгав. Бадам өндийж хувцас хувцас хунараа яаралгүйхэн тайчаад,
Миний гэдсэн дэхь энэ амьтан тун саяхнаас л мэдэгдсэн шүү дээ гэхэд Уламбаяр эхнэрээ тэврэн үнсэж озож гарлаа. Эргэн тойронд ганцхан болжмор л жимбүүрдэж, дээд хөх тэнгэр хаврын нарны дулаан илчийг газар тийш багц багцаар нь асгаж байх шиг байлаа. Ийнхүү эхнэр нөхөр хоёр жаахан тайвшраад гэртээ ирж, хадам аав, ээж, дүү охин хэдүүл бөөн баяр хөөр болцгоов. Уламбаярын гэрт хоёр жилийн өмнө явснаас нь хойш өөрчлөгдсөн юм огт үгүй шиг. Эмээл хазаар нь хүртэл байрнаасаа хөдлөөгүй аж. Хоёр жил ер нь юусан билээ. Гэтэл эхнэр нь хүлээж тэсэлгүй бусдаас хүүхэд олчихсон байдаг.Бадам нөхрөө их л царайчлангуй авдрынхаа өмнө чимээгүй сөгдөн, шинэ дотуур хувцас, шоронгоос ирэхэд нь өмсгөхөөр оёсон бололтой бор даавуу дээл гаргаж өмсгөв. Шинэ хувцас өмсөнгүүт хамаг бие хөнгөн болчихлоо. Бадам ч яриа хөөрөөтэй болж хонины нэлээд хуршинга махаар бууз хийж, нэг шил архи гарган тавилаа.
Уламбаяр эхнэрийнхээ гараар хийсэн буузыг амтархан идэж, нэг хундага архи уугаад
Юмны үнэн олддог л юм байна. Аймгийн прокурор намайг суллагдсан тухай мэдэгдэл өгөөд хилсээр ял эдэлсний хохирлыг хэлмэгдүүлсэн этгээдээр төлүүлсэн. Хоёр жилийн ажлын хөлсийг бүрэн олгоно гэсэн. Ийм л юм боллоо. Чамайг би ганцаардаж зовж явааг мэдэлгүй яах вэ дээ, даанчиг.... гээд хоолой нь зангирав.
Бадам дорогш харж нэг хэсэг түдгэлзсэнээ
Надаас л болсон юм. Хүний дотор ямар муу муухай юм нуугдаж явааг гаднаас нь хараад таах биш дээ. Миний тэнэгээс гэх юм уу аймхайгаас л болсон. Базар ямар хүн болохыг, намайг яаж оролдож, хоргоож зовоодгийг чамд эртхэн хэлсэн бол дээр байж. Нөхөртэй болохоор яаж ч чадахгүй гэж нэг бодоод бас чамайг дэмий хардах ч болов уу гэж тэнэглээд л хэлээгүй юм. Одоо Базар ажлаасаа халагдаж, намын гишүүнээс хөөгдсөн. өнөөх хоёр зуун төлөгний үнийг ч төлүүлсэн гэнэлээ. Харин чи минь л хоёр жил ял эдэлчихлээ. Би даанчиг.... даанчиг хүлээж чадсангүй гээд уйлчихав. Уламбаяр <Наранд яваагаас биш муу нохойд хүндхэн шийтгэл ноогдож дээ> гэж дотроо баярлан,
Одоо яана гэх вэ. Өнгөрсөн юм өнгөрдгөөс хойш Базарыг тийм олиггүй хар хүн гэж урьдаас мэдсэн биш. Чиний буруу байхгүй. Харин нь ... учрыг эртхэн хэлдэг л байсан юм. Чамайг тэгж оролдож хоргоодгийг мэдсэн бол наанадаад арай муу санаатай явж чадах шүү дээ гэхэд Бадам шүүрс алдан хормойныхоо сэжүүрээр нулимсаа арчаад,
Миний тэнэгийнхээ. Үнэнийг хэлбэл чамайг хардаад унах болбуу гэж бодоод л...
Хэлдэг л байсан юм. Эр хүн байна хатуухан үг хэлээд тавьчихаж чадах л байсан.
Тэгвэл тэр бидэнд өширхөөд амар заяа үзүүлэхээ болих байсан л даа. Ганц ишиг үхүүлсэн ч тэнгэр тулсан юм болгоод л... айж ичиж яваад хайран хоёр жилийг чинь хулгайлууллаа л даа.
Нээрээ л хулгайлсан шүү Муу хар хулгайч! Одоо нэг нүүр тулах бий вий.
Битгий л гар хүрч хэрэг дэгдээгээрэй дээ.
Нэг сайн цохиод авсан ч буруудна гэж үү? Төр түмэн нүдтэй хойно болж л гэнэ.
Тэр хоёр зуун төлгийг манай сүргээс таслан үгүй хийлцсэн хүн бас л манай нутаг усны хүн шүү дээ. Шунал гэдэг хүнийг алдаг хойно доо. Хэрэв Базар тэр хоёр сүүлд муудалцаагүй, цаадах нь амаа хамхиад явсан бол бид буруутан болоод л өнгөрөх байж.
Юмны үнэнийг хууль олдог юм байна. Би ч гэсэн үнэнийг нэг цагт олдоно гэж гээд цөхрөнгөө бараагүй минь болж. Юмны үнэнийг олддоггүй юм байна гэж эрт цөхөрсөн бол насаараа шоронгийн хадаас болж ч чадна шүү дээ. Гэвч тэссэн дээ. Харин чи.... гээд Уламбаяр энэ удаа эхнэр тийш таагүй хяламхийв.
Баяр минь чи намайг яавал яа. Хаяад явсан ч миний л хохь. Гэхдээ би чамайг өдрийн бодол, шөнийн зүүд болгож өнөө хүрсэн. Ганцхан удаа л тэсвэр алдаад л....
Уламбаяр гурав дөрвөн хундага архинаас амархаан ам халамцаж, боргилдуу гэвч хамар ам, нүд хөмсөг цэвэр тэгш төгрөг бор нүүр нь улаа бутран,
Би чамайгаа ойлгож байнаа. Миний үр гэж бодоод явахад болно. Ямар ч байсан бүтэн мэнд уулзаад явахад сайхан хорвоо юм. Энэ хавар ямар их яргуй ургаа вэ! Тэнгэр тал хоёр адилхан цэнхэртсэн хаврын өдөр надаас бий болсон хүүхэд гэж бодоод л явж байя гэхэд Бадам тийнхүү өршөөгдсөндөө тэсгэлгүй уйлж гарлаа. Уламбаяр босож эхнэрийнхээ хоёр хацрыг үнсээд,
За миний хүү битгий уйл. Хоёулаа мордож Хэрлэнгийн талаар жаал явья. Ах дүүсээрээ оръё гэв.
Бадам саахалт айлаас морь авчирч, эхнэр нөхөр хоёр байдгаараа гоёд мордлоо. Уг нь тун санаандгүй явдал эднийг хоёр жилийн турш салгажээ. Уламбаяр Улаанбаатараас цэргийн албанд татагдаж ирээд нисэх буудалд цэнэглэгч машины жолооч болсон юм. Тэгээд л бензин тээх замдаа зам гудсын айлаар хааяахан орно. Гурван жилийн өмнө цэргээс халагдах хавраа Хэрлэнгийн хойд шилд хаваржиж буй нэг айлд буусан нь Бадамынх байлаа. Ингэж айлаар ороход аятайхан охид тааралдах нь алийг тэр гэх вэ гэтэл гэртээ ганцаар ямар нэг юм оёж суусан Бадам хүн хүнээс нэг л өөрөөр харагдаад явчихсан. Чухам юу нь тэгж гойд харагдсаныг одоо хүртэл хэлэхэд хэцүү. Үйлээ хойш нь тавьж аяга авах гээд эргэхдээ ууц нуруугаа хачин сайхнаар хөдөлгөсөнд ч юмуу, аль цай барихдаа ботгон бор нүдээ бууруулсхийн нимгэн улаан уруулынхаа сэжүүрээр инээвхийлсэндээ ч юмуу бүү мэд. Тэгээд л тэдний гэрийн хана, хатавчнаас ямар нэг уяа хүлээсээр аргамжигдчих шиг болж оройхон болсон цаг тул машин эвдэрлээ гэж худал хэлээд тэднийд хоноод өглөө явахдаа цэргээс халагдаад тэднийд ирнэ гэж шулуухан хэлжээ. Бадам ч за ч гэлгүй, үгүй ч гэлгүй өнөөх уруулынхаа сэжүүрээр инээвхийлэн хоцорчээ. Харин хожим Уламбаярыг хүн хүнээс онцгой харагдсан гэдэг байлаа. Хувь заяа гэгч тэр биз. Тийнхүү Уламбаяр цэргээс халагдахдаа бэлэн эхнэртэй байжээ.
Бадам насан өндөр болсон аав, ээж, охин дүүтэйгээ нэгдлийн хонь хариулна. Уламбаяр айл болсон тэр хавраа нэгдлээс найман зуун эр төлөг авлаа. Зун отроор таргалуулж намар мал маханд гуравны нэг хувьтай тэнцүү илүү жинтэйгээр тушаах өндөр үүрэг авлаа. Тэгээд л эхнэр нөхөр хоёр алсын оторт гараад өглөө. Зунжиж оторжиж жижиг майхнаа л ус бэлчээр сайтай газар бариад аяны байдлаар амьдарна гэдэг залуу эр эм хоёрт чухамхүү жаргал. Бригадын дарга Базар гэгч шөвөлзсөн бор залуу байсхийгээд л мотоциклээрээ давхин ирнэ. Их захирангуй албан яриатай. Харцаа нуусан ёлтгор нүдээ энэ тэр дээр бэлчээж шүднийхээ завсраар байн байн шүлсээ хаядаг ийм нэг адгуу байрын хүн! Ер нь түүнтэй үг зөрөх хүн цөөн. Хэт захирангуй сүржин аашинд нь дургүй болоод л тэр байж. Шүүмжлэлийг бол ч бүүр ойр дөт үзэхгүй. Сумандаа л шаардлагатай сайн даргын тоонд орно. Гэтэл бригадын ажил харин доогуур л орох гээд байна. Уламбаярынхаар ирэхдээ бүр ч хатуу ааш гаргана. Буруу газар бууж. Хонины чинь өнгө муу байна. Намар их шан авах санаатай бол миний хэлсэн газар нүүж бууж бай л гэнэ. Уламбаярыг илэрхий нүд үзүүрлэн бригадын хурал зарлахаас л эхлээд элдэв ажилд хөөнө. Уламбаяр ч цэргийн сахилгад дадсанаараа түүний тушаал захирамжийг ёсоор биелүүлнэ. Хавар авсан найман зуун төлгөө язартал таргалууллаа. Гэтэл намар оройхон яг л мах тушаах үеэр хоёр зуун төлөг нь сураггүй алга болжээ. Нэгэн шуургатай өдөр Базар давхин ирж эхнэр нөхөр хоёуланг сумын төв рүү хөөлөө. өвлийн бэлтгэлийн талаар эвлэлийн гишүүдийн хуралд заавал оч гэж тушаалаа. Тэнгэр муухайрах янзтай нэг маань л очвол яасан юм бэ гэхэд танай хоёр хөгшин урьд нь нэгдлийн мянган хонь харж болоод л байсан гэж тулгаад болсонгүй. Хоёр залуугийн хуралд явсан шөнө тэнгэр муухайрч, жаахан цас хуйрганаад гайгүй өнгөрлөө. Гэтэл хотондоо хоносон хониноос нь өглөө болоход хоёр зуун төлөг ор сураггүй алга болжээ. Хэдэн өдрийн эрэл сурал болов. Олдсонгүй. Ингээд л Уламбаяр прокурорт дуудагдаад, байцаалд оров. Ямар нэг холын тууварчидтай хуйвалдан нэгдлийн малыг хувьдаа завшсанаас зайлахгүй гэсэн мэдээлэл прокурорт ирсэн байв. Хэрэг тулгагдлаа. Бригадаас нь баталгаа нотолгоо ч бий бололтой болов. Хоёр зуун хонь хөлөөрөө ор сураггүй алга болно гэдэг үзэгдэж дуулдаагүй явдал билээ. Ийм л гунигтай явдал болсон юм. Гэтэл хоёр жилийн дараагаар энэ бүхнийг Базар өөрөө зохион байгуулсан нь илэрдэг байна. Тэр Бадамыг Уламбаяртай суулаа гэж хорсохдоо тэгсэн хэрэг. Эхнэрээсээ салж өөртэй чинь сууна гэж Бадамыг хоргоодог болсоор удсан юм. Гэвч Бадам түүнийг ойртуулдаггүй байлаа. Чи зүгээр л нэг бригадын дарга болохоос биш эхнэр хүүхдүүдийг дураараа сольж явах эзэн ноён биш гэж хатуу үг хэлсэн ч удаатай. Базар энэ мэтээс хорсон бухимдахдаа тэднийг хуралд хөөж явуулсан шөнөө гарын доорхи нэг нөхрөө явуулан хоттой хониноос нь таслуулан мөн урьдаас хуйвалдсан зэргэлдээ сумын тууварчинд өгч уван цуван борлуулчихсан байжээ. Энэ бузар хэргийн үнэн учир хоёр жилийн дараа сая илэрч Уламбаяр цагаадсан нь энээ.
Уламбаяр Бадам хоёр мөнөөхөн ихэр юм шиг ижилхэн цэнхэр гүвээ толгодын нэгийг өгсөн нөгөөг нь уруудаж явтал өмнөөс нь нэгэн мотоциклтэй хүн ирж тааралдсан нь Базар биеэрээ байлаа. Базар тэр хоёрт бараг тулж ирээд хэн болохыг нь сая мэдэж тойрон одох гэсэн боловч Уламбаяр мориноосоо харайж буугаад,
Сайн байна уу? Базар аа? Өст хүн өлийн даваанд уулзана гэгч боллоо. Нэг нутгийн улс эрт орой уулзаж л таарах байсан. Ирсэн өдрөө уулзчихдаг харин сонин юм байна. Жаал хөөрөлдөх үү ? гэхэд Базар арга буюу мотоциклоо асаалгаатай нь орхиод дөхөж ирлээ.
Бадам бэргээд яах вэ. Нааш ир гэхэд Бадам ч мориноосоо бууж нөхрөө түшин суув.
Базар аа, бид эр улс байна. Олон таван үгээр юу хийнэ. Би бүх учрыг дуулсан хойно чамайг ёстой хөө шиг хар дотортой муухай амьтан байж гэж хэлчихээс өөр үг алга гэхэд Базар нүдээ ёлтолзуулан дорогш харж,
Тусгүй юм болсон л доо. Би чиний амьдралын хоёр жилийг үрж орхилоо. Тэгээд өөрөө нам ч үгүй, юу ч үгүй боллоо, Одоо чиний ирсэн зүг тийш... гээд хоолой нь зангиран дуугүй болов.
Намын батлах гэдэг чинь чам шиг юмны өвөртөлж явдаг зүйл арай ч бишдэг шүү гэж Уламбаяр шүд зуун хэлэв. Базар Бадамын өөдөөс нэг сүрхий хяламхийгээд,
Юу ч гэх вэ дээ. Би Бадамд хорсол төрөөд муухай юм хийсэн хохь минь болж гээд гүвээнүүдийн нуруун дээгүүр алсыг гөлрөн суулаа. Уламбаяр энүүхэн хооронд «Харин чи бид хоёрын хэн нь илүү хохирсон болдоо» гэж бодон дотор нь багтрахад газар тэмтэртэл яргуй дотроос нэг нүдаргын ЧИНЭЭН бөөрөнхий бүлээн чулүу баригдав. Базарын дух ийм толигор бөгөөтөл түхгэрийг Уламбаяр урьд аждаггүй байж. Одоо энэ бүлээн чулуугаар тэр то-лигор дух руу нь буулгаж орхивол хамар амнаас нь цус сад тавиад л ойчино. Чулууг тас атгаад эхнэр тийш хяламхийвэл мөрийг нь түшээд тайван сууж байна. Тэнгэр адил цэнхэртэн байгаа их талын газар шороог энэ муухай амьтны цусаар бузарлахаа болих уу даа гэж Уламбаяр гэнэтхэн бодлоо.
За хө, явсан зүг зүг рүүгээ явах уу даа гээд бослоо. Базар ч бушуухан холдож мотоциклоо унаад паржигнуулан одов. Уламбаяр Бадам хоёр мордож цааш явахад ихэр юм шиг ижилхэн толгод үргэлжилсэн цэнхэр талд үнэхээр л муу муухай бүхэн арчигдан арилсан мэт униартан цэлийж байлаа.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Амьтан бүхэн сонирхолтой
Өгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй
Дуу , клип
Хууль дүрэм

Сүүлийн бичлэгүүд

ХУЛАН ЦАМБА ХОЁР
Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн
Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн
Монгол орны нуурууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль
Үндсэн хууль
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ
ТYЙМЭР
ИХЭР ТОЛГОДЫН ДУНД
НАРАН ТОГОРУУ
САРНЫ СОНАТ
МАЛЫН ХӨЛИЙН ТООС
Өвгөн шувуу
АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Найзууд

Тагшаа



:-)
 
xaax